2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ (МНБХ) болон Голомт банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, ногоон барилгын салбарт олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Голомт банк нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ногоон барилгын BestGER гэрчилгээг үндэслэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн санал болгож, Монгол Улсын ногоон таксономийн хэрэгжилтийг дэмжихээр болжээ. Мөн банк нь МНБХ-ны гишүүдэд ногоон санхүүжилтийн боломжийн талаар мэдээлэл түгээж, хамтын ажиллагааны арга хэмжээнд тогтмол оролцоно.

Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ нь ногоон барилгын урьдчилсан гэрчилгээг зураг төсөлд олгон, тухайн барилга баригдах, иргэд захиалагч барилгыг хүлээн авч ашиглалтанд орох зэрэг гурван үе шатанд аудитыг гүйцэтгэх, онооны хуудасны дагуу эцсийн гэрчилгээг үгаргах зэрэг ажлыг хариуцах бөгөөд хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг Голомт банктай хамтран хэрэгжүүлэх юм.
“Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилт, тэр дундаа ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно” хэмээн талууд онцлон тэмдэглэлээ.
