Ногоон барилгын олон улсын хурал, экспод оролцлоо.

Монголын ногоон барилгын хүрээлэн ТББ, гишүүн байгууллагуудын төлөөллийн хамт АНУ-ын Лос Анжелес хотноо 2025 оны 11-р сарын 4-7-ны хооронд зохион байгуулагдсан олон улсын Greenbuild хурал, үзэсгэлэнд амжилттай оролцлоо. АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн ерөнхийлөгч ноён Петер Темплетонтой ажил хэрэгч уулзалт зохиож хоёр орны ногоон барилгын зөвлөлүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон нь энэ удаагийн айлчлалын онцлох үйл явдал байлаа.

Мөн Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн Европын бүсийг хариуцсан захирал ноён Ричард Тейхман (МНБХ-ийн Олон улсын зөвлөх хороо), АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн Өсөлт хөгжил хариуцсан захирал ноён Анжело Петрило, Хойд азийн бүс нутгийг хариуцсан захирал хатагтай Жин Ван нартай уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаа, сургалт үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.

Монголын ногоон барилгын хүрээлэнгээс оролцсон баг Greenbuild Los Angeles 2025 хурал үзэсгэлэнгийн зохион байгуулалтад сайн дурын ажилтнаар идэвхийлэн ажиллаж, ногоон барилгын олон улсын манлайлагчдын хуралд эх орноо төлөөлж, салбар хурал, семинар, экспод идэвхтэй оролцож үндэсний BestGER үнэлгээний системийг танилцуулж, бусад орны туршлагаас суралцан ганзага дүүрэн ирлээ.

Цэс